SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Үг

Эртний судруудад нама рупа буюу алдар хийгээд дүрийн тухай өгүүлдэг. Нама рупа гэдэг ердийн үг. Нама рупа гэдэг нь бодол санаанаас гарсан зүйл. Энэ үг бол жинхэнэ Бурхан биш. Хүний бодол санаагаараа хольж эвлүүлж гаргаж ирсэн оргүй хоосон зүйл. Үүний утга нь дэндүү хиймэл. Энэ үгэнд бодит утга байхгүй.

Утга зүйн судлалд маргаантай асуудал газар авчхаад байгааг та мэднэ шүү дээ. Үг өөрөө биш харин үгэнд оноосон ойлголт нь бэрхшээлтэй учруулаад байгааг бид мэднэ. Үгний тухай асуудалд сэтгэл зүрхний үүднээс хандахдаа бид хэлбэртэйгээс Хэлбэргүйд шилжих шаардлагатай байдаг. Бид хязгаартайг дамжин явсаар Хязгааргүйд хүрэх ёстой. Эхэндээ аливаа зүйлийг хэлбэр дүрсээр төсөөлөх нь чухал байдаг. Тухайлбал анхандаа бид Бурханыг дүр биетэй гэж төсөөлдөг. Гэвч дотоод гүндээ хүрээд, Бурхан бол хүн бус, оюун ухааны төсөөлөл бус харин хязгаарүй Ухамсар юм байна гэдгийг нь ухаардаг. Сэтгэл зүрхний амьдралын замаа анхлан эхэлж байгаа эрэлчин хүний хувьд дүрслэл гэдэг бол туйлын чухал. Түүний хувьд юм бүхэн хэлбэр дүрстэй. Тэрээр урагшлан хөгжсөөр хэлбэр дүрсний чанадад хэтийдэн гарч Хэлбэргүйд хүрнэ. Хязгааргүй Ухамсрыг олж эзэмдэн, хязгааргүй Ухамсрын биелэл болсон Бурханыг мэдрэх чадал, боломж түүнд бий. Нөгөө талаас Бурхан хэдийгээр хязгааргүй боловч хязгаартай дүрд хувилан үзэгдэх чадалтай. Тиймгүйсэн бол Тэрбээр хязгааргүй биш байхсан. Бурхан бол бүхнийг чадагч. Яагаад гэвэл Тэрбээр хамгийн өчүүхэн хумхийн тоосон дотор ч багтан оршиж чадна, хязгааргүй уудам орчлонд ч түгэн оршиж чадна. Бид хэлбэр дүрсээр дамжиж хэлбэр Дүрс үгүйд хүрэх ёстой. Хязгаартайг дамжин явсаар Хязгааргүйд хүрэх ёстой. Энэ бол бурханлаг зүй тогтол юм. Хэлбэр дүр гэдэг нь анхандаа туйлын чухал байдаг боловч эцэс сүүлдээ заавал тийм хэвээрээ үлдэнэ гэсэн үг биш.

Энэ үг өөрөө биш харин энэ үгээр илэрхийлж буй ойлголт төсөөлөл нь дотоод үнэ цэнтэй юм. Зарим нэг сэтгэл зүрхний үгс олон мянган жил сэтгэл зүрхний утгаар хэрэглэгдэж ирснээс утга учир, түүнд агуулагдах ухамсар зэрэг нь баяжсаар ирсэн. Ийм үгний гүн гүнзгий утга учирт нь нэвтэрч, түүний үнэнхүү амьсгал, дотоод эгээрэл эрмэлзлийг нь илэрхийлэн гаргаж ирэх аваас тэрхүү үг өөрийн зорилгоо дотоод болон гадаад байдлаар гүйцэлдүүлэн биелүүлдэг.