SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Сүнс

Сүнс бүхэн онцгой үүрэгтэй байдаг уу?

Таны сүнс онцгой үүрэгтэй. Сүнс тань үүнийг тодхон санаж байгаа.
Майа хэмээх бүхнийг мартуулагч хоосон зэргэлээ нь таныг бачим баригдсан, сул дорой, авралгүй мэтээр итгүүлдэг. Гэвч энэ бол худал. Та бол бие биш, сэрэхүй биш, ухаан биш. Тэд бүгд хязгаартай. Харин та өөрөө хязгааргүй сүнс. Таны сүнс асар хүчтэй. Тэрээр цаг хугацаа, орон зайг ялан дийлдэг.
Таны сүнс онцгой үүрэгтэй юу? Тиймээ, үүрэгтэй. Таны үүрэг өр зүрхний тань гүнд буй тул түүнийг тэндээс л олж биелүүлэх хэрэгтэй. Тэрхүү үүргийг биелүүлэх гадаад арга зам гэж үгүй. Буга өөрийн биед үнэрт заарыг ургуулдаг. Заарныхаа үнэрт сэтгэл татагдаж хаанаас гарч байгааг нь олохыг хичээнэ. Цахилан, цахилан давхивч түүнийгээ эс олно. Дуусашгүй эрэлдээ тамирдан цуцаж эцэстээ халин одно. Гэвч цөхрөнгөө баран эрсэн эрэл нь өөрийнх нь биед байдаг. Түүнийг өөр газраас олж болно гэж үү?
Таны хувьд ч мөн ялгаагүй. Таны бурханлаг чанарын биелэл болох таны онцгой үүрэг танаас ангид бус таны дотор буй. Дотроо эрэгтүн. Дотроо бясалгагтун. Өөрийнхөө үүргийг та олж нээх болно.

Сүнсний Гэрлээр тольдон харахдаа бид үргэлж баяр баясгаланг мэдэрдэг үү?

Тэгдэг. Үргэлж дотоод баяр баясгаланг мэдрэх бөгөөд энэ нь асгарах нулимсаар ч илэрч болно. Асгаран урсаж байгаа нулимс нь ердийн хүний гуниг гансралтай огт холбоогүй, харин сүнсний баяр баясгалангийн илэрхийлэл юм. Зүйрлэвэл харийн оронд яваад ирсэн хүүгээ харсан эх хүнтэй ижилхэн юм. Эх хүн дотроо баярлаж байгааг түүний нулимс илэрхийлдэг билээ.