SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Самади

Самадийн янз бүрийн түвшингүүдийн тухай хэлж өгнө үү?

Доод самадинууд олон янз байх боловч тэдгээрийн дундаас савикалпа самади нь хамгийн өндөр юм. Савикалпа самадийн дараа нирвикалпа самади байх боловч тэдгээр нь хоорондоо асар их ялгаатай.

Савикалпа самадийн үед янз бүрийн бодол санаа эргэлдэх боловч тэдгээр нь танд нөлөөлөхгүй. Таны бясалгал хэвийн, тайван явагдаж, дотоод ахуй оршнол тань өөртөө итгэл төгс, эрч хүчтэй байна. Харин үүнээс бага зэрэг дээшилж нирвикалпа самадид хүрээд сүнстэйгээ нэгдэж чадвал тэнд бодол, санаа огт үгүй болно. Орчлон ертөнцийн орчил хөдөлгөөн тэнд төгсдөг. Тэнд байгаль дэлхий гэж үгүй, зөвхөн цаглашгүй Амгалан, Жаргалан л бий. Мэдэгч хийгээд Мэдлэг хоёр нь нэгдэж нэг болно. Юм бүхэн намуун дөлгөөн болж хамгийн өндөр тэнгэрлиг, хамаг бүхнээ түгсэн, өөрийгөө хайрлагч онгодын дунд та цэнгэн баясана. Баяр баяслын шалтгаан хийгээд баяр баяслыг эдлэн цэнгэгч нь та болно. Түүгээр ч зогсохгүй та өөрөө тэрхүү баяр баясал нь болно.

Сахажа самади бол оргилын дээд самади билээ. Ийм самадид хүрсэн хүн хамгийн өндөр дээд ухамсраа хадгалахын зэрэгцээ эгэл бие махбодын ертөнцөд ажиллаж хөдөлмөрлөдөг. Тэрээр нирвикалпа самадийн үед үзэж туулдаг бүхнийг үзэж туулахын хажуугаар энэ дэлхийн хэрэг явдалд оролцдог.

Нирвикалпа самадид ороод хамгийн түрүүнд мэдрэх зүйл гэвэл зүрх маань хамаг орчлонгоос ч агуу уужим болохыг анзаардаг. Яг одоо энд бол эргэн тойронд маань байгаа хорвоо дэлхий, орчлон ертөнц гэдэг бид бүхэнтэй зүйрлэмгүй, хязгааргүй уужим дэлгэр болох нь харагдаж байна. Хорвоо дэлхий болон орчлон ертөнцийг хязгаарлагдмал ухааны хүчээр харж, төсөөлж байгаа болохоор л бидэнд ийм сэтгэгдэл төрдөг. Нирвикалпа самадид орсон үедээ тэгвэл орчлон ертөнц гэдэг хязгааргүй уужим дэлгэр зүрхний маань дотор байх өчүүхэн цэгээс өөрцгүй болохыг харна.

Нирвикалпа самадид цаглашгүй Жаргалан бий. Тэрхүү Жаргаланг хэмжиж, харьцуулж жишихийн аргагүй.

Тэнд мэдрэх гуравдахь зүйл гэвэл Хүч. Шидийн хүчийг олсон бүх хүний хүчийг бүгдийг нь хамтатган нэгтгэлээ гэхэд тэр нь нирвикалпа самадид байх үедээ эзэмдэх Хүчтэй харьцуулахад юу ч болохгүй. Гэвч энэ хорвоод хэрэглэхийн тулд самадигаас авч ирж чадах хүч маань нийт самадитай нь харьцуулахад зүйрлэшгүй өчүүхэн байдаг. Зүйрлэж хэлбэл нүдээ ирмэхэд зарцуулах хүч гэсэн үг юм. Энэ бүхнийг би ухаанаар дамжуулан тайлбарлаж байна. Үнэндээ бол яг тийм байдаггүй. Гэвч өөрийнхөө ухаарч мэдсэн үнэнийг жирийн үг хэл ашиглаж үүнээс илүү тодорхой тайлбарлаж би чадахгүй.

Самади болон Бурханы гэгээрэл хоёр юугаараа ялгаатай вэ?


Самади, гэгээрэл хоёр бол жишиж зүйрлэхийн аргагүй асар их ялгаатай зүйлс. Самади гэдэг нь ухамсрын орон, ертөнц бөгөөд тэнд хэдэн цагаар эсвэл хэдэн өдрөөр саатах боломжтой. Харин хүн нэгэнт гэгээрэлд хүрсэн бол энэ нь үүрд хадгалагдана.

Савикалпа самади гэдэг эрхэмсэг өндөрт хүрч, гэрэлтэн гийсэн ухамсрын ертөнц. Харин гэгээрэл гэдэг нь ухамсартай, жам ёсны, илэрхийлэн тунхаглах чанартай ухамсрын ертөнц. Гэгээрэл ирэхийн цагт эрэлчин хүн эгэл жирийн бие даасан, бодгал чанараас чөлөөлөгдөнө. Их далайд уусан шингэсэн өчүүхэн дусал мэт болно. Өчүүхэн дусал их далайд уусан шингээд өөрөө их далай болж хувирдаг билээ.