SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Ариун чанар

Тэмүүлбэл зохилтой хамгийн дээд ариун чанар юу вэ?

Тэмүүлбэл зохилтой хамгийн дээд ариун чанар бол бие махбодын ариусал юм. Тэмүүлэлгүй бие махбоддоо та гэрэл гэгээг дуудан буулгаж ирэхийг ямагт хичээвэл зохино. Бие махбод, хүйсний дор орших хөөрүү тамир бүрэн гүйцэд ариусах ёстой. Хүний зүрхэнд тодорхой хэмжээний ариун чанар бий. Ухааны дотор буй ариун чанар гэвэл тун өчүүхэн. Харин тамирын дотор ариун, ариун бус нь холилдсон байдаг. Эрч хүч, түрэмгий чанар хоёулаа хамтдаа байх ба түрэмгий чанар бол ариун бус, эрч хүч нь ариун юм. Тамираас доод шатанд орших бие махбодын хувьд хойрго залхуу, амьгүй, харанхуй байдал ноёлдог. Хаана харанхуй байна, тэнд ариун бус чанар ноёлдог гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Ариун чанар хир хүчтэй вэ?

Ариун чанар бол өөрийнхөө бурханлаг байдлыг бие, тамир, ухаанаар дамжуулан илэрхийлж буй сүнсний Гэрэл юм. Хэрэв бид ариун бол бидэнд юм бүхэн байна гэсэн үг. Хэрэв ариун чанараа алдахгүй хадгалж чадвал хадгалах учиртай бүхэн маань хэрхэвч алдагдахгүй. Өнөөдөр бидэнд агуу их бодол, асар их дотоод хүч байж болох хэдий ч ариун чанар үгүй бол маргааш гэхэд тэр бүхэн маань орхигдон гээгдэх тавилантай. Ариун чанар бол Дээдгэгээний амьсгал. Ариун чанар хулжин одохын цагт Дээдгэгээн ч бас хулжин одох агаад бидэнд зөвхөн хүний эгэл амьсгал л үлдэж хоцрох болно.

Ариун чанар бол бурханлаг соронзон билээ. Бурханлаг чанар бүгдийг тэрхүү соронзон бидний дотор соронздон авчирдаг. Хэрэв та ариун бол танд юм бүхэн бий гэсэн үг. Ариусалд хүрэх хоёр арга бий. Хүн бүрийн дотор Бурхан залран байгааг ямагт ухамсарлан харах нь нэг арга зам юм. Нөгөө нь гэвэл Бурханыг дүрслэн төсөөлж, Түүний алдрыг ухамсартайгаар аль болох олон удаа давтан дуудах арга юм. Хэрэв та ариун бол Бурхан руу явж очих шаардлагагүй болно. Бурхан бээр Өөрөө танд хязгааргүй Тэнгэрлиг байдлаа харуулах болно. Бурханд буй бүхэн нь танд тусгалаа олж, та өөрөө жинхэнэ Бурханы дүр болж хувирна.

Ариун чанар Бурханы цагийг наашлуулдаг. Ариун чанар Бурханы хүчийг илэрхийлдэг. Хэрэв та ариун бол гүйцэтгэж үл чадах зүйл гэж танд үгүй. Өөрийн гэх бүхнээ умартаж, Бурхантай нэгдэн, эгнэгт төгөлдөржихийн эхлэл нь ариун чанар юм.