SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Төгөлдөржил

Төгс төгөлдөрт хүрэхэд юу саад болдог вэ?

Бидний зоргоороо байдал төгс төгөлдөрт хүрэхэд маань саад болдог. Зоргоороо байхдаа амьдралд туйлын чухал нэгэн зүйл бий гэж бид үздэг. Тэр чухал зүйл нь зугаа цэнгэл билээ. Зугаа цэнгэлийг хүсэмжлэн уйлж, зугаа цэнгэлийн дунд үлдэж, өөрсдөө зугаа цэнгэл болон хувирахыг хүсэхэд маань төгс төгөлдөр гэгч зүйл биднээс алсын алсад оршдог. Харин бурханлаг баяр баясгаланг хүсэмжлэн уйлахын цагтаа бид төгс төгөлдрийн далайд үсрэн ордог. Хэрэв бид зогсолтгүй үргэлжлүүлэн уйлах аваас төгс төгөлдрийн далайд хэрхэн шумбаж, сэлэх эрдэмд суралцах болно.

Жаргаланг хүсэмжлэн уйлахдаа бид төгс төгөлдрийн далайд үсрэн ордог. Энэ бол эхний алхам юм. Энэ дотоод мэгшил маань байнгын мэгшил болбол шумбан сэлж чаддаг болно. Хэрэв бид баясгалан, жаргаланд хүрэхийг зорьдог бол бидний доторх төгс төгөлдөр чанар маань аяндаа өсөн нэмэгдэх ба алс хэтдээ бид өөрсдөө төгс төгөлдрийн далай болж хувирна. Гэвч одоогоор төгс төгөлдөрт хүрэхэд маань саад болж байгаа зүйл гэвэл зугаа цэнгэлд дуртай, зугаа цэнгэлд автсан амьдрал юм.

Төгс төгөлдөрт хүрэхийг эрмэлзсэн энэ тэмцэл хэзээ нэгэн цагт төгсөж өндөрлөх үү?

Хэзээ ч төгсөхгүй. Яагаад гэвэл Бурхан бээр Сансрын Наадмаа төгсгөхийг хүсэхгүй. Бидний ухамсар ямагт өсөж хөгжиж байгаа болохоор өнөөдөр туйлын төгс төгөлдөрт тооцогдож байгаа зүйл маргаашийн аялалын маань эхлэх цэг болно. Ухамсар маань улам дээшлэхийн хирээр төгс төгөлдрийн тухай ойлголт маань ч бас улам дээшилнэ. Төгс төгөлдрийг амжилт гэж хэлж болох юм. Тэгвэл цэцэрлэгт байхдаа олсон амжилт маань тухайн үедээ нэлээд өндөрт тооцогдож байсан биз ээ. Гэвч бид цэцэрлэгээс цааш бага сургууль, ахлах сургууль, коллеж, их суруульд шат дараалан элсэн суралцдаг. Тийнхүү магистрын зэрэгт хүрсэн амжилт маань цэцэрлэгт олсон амжилтаас хавьгүй өндөр байх болно. Хэдийгээр магистрын зэрэг хамгаалчихсан боловч нэмж сурах шаардлагатай зүйл олон байгааг ухаарна. Тийнхүү цааш үргэлжлүүлэн суралцахад ухамсар маань улам тэлдэг билээ.
Хэрэв балчир хүүхэд өөрийгөө хэзээ ч магистрын зэрэг хамгаалж чадахгүй гэж боддог бол эндүүрч байгаа хэрэг. Сэтгэл зүрхний амьдралын шат бол маш олон гишгүүртэй. Тэрхүү шатны эхний гишгүүр дээр гишгээгүй хүн хамгийн дээд гишгүүрт хүрэх боломжтой гэж үү?