SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Ухаан

Хүнийг хязгаарлаж байгаа зүйл нь ухаан мөн үү?

Хүсэлд автсан ухаан юм бүхэнд хязгаар тогтоодог. Өөрийнхөө мэдэлд байгаа зүйлс төдийгүй, эзэмдэж авахыг хүсч байгаа зүйлсээ хүртэл хязгаарладаг. Тэмүүлэлт зүрх харин хязгааргүйтэй нөхөрлөдөг. Хэдийнээ хязгааргүй болсон зүйлстэй нөхөрлөөд зогсохгүй, хэтдээ хязгааргүй болох зүйлстэй ч бас нөхөрлөдөг. Голчлон хүсэл болон ухаандаа түшиглэн амьдардаг хүн ухааны хүрээнд л хязгаарлагдсан байдаг. Хэрэв тэрээр тэмүүллийн ертөнцөд нэвтрэн орвол өөрийгөө хязгаарлагдмал ертөнцөөс чөлөөлөхийг хүсч байна гэсэн үг.

Эрэлчин хүн ухааны зах хязгааргүй уужимд хүрч чадах уу, эсвэл зөвхөн гэгээрсэн сүнсэнд л ингэх чадвар байдаг уу?


Ухааны хөвөө хязгааргүй уужим ертөнцөд эрэлчин хүн хүрч чаддаг. Гэхдээ асар өндөр бясалгал үйлдэх үедээ хэдхэн минутаар л тэнд саатдаг. Зөвхөн гэгээрсэн сүнснүүд л тэнд хүрч, хүссэнээрээ саатан тухалж чаддаг. Үнэндээ “ухааны зах хязгааргүй ертөнц” гэж ярьж байгаа маань буруу юм. Миний ярьж буй тэр түвшинд ухаан гэж огт байдаггүй. Ухааныг бид хэтийдэн давж чанадад нь хүрдэг. Тэгээд түүнийхээ тухай ярихдаа ухааны зах хязгааргүй ертөнцийг үзэж харлаа гэх боловч үнэндээ тэр бүхэн ухаанаас чанадад болдог. Ухааны ертөнцөд хэлбэр дүрс, хэмжээ хязгаар гэж байдаг бол тэрхүү уужим дэлгэр ертөнц нь ухааны цараанаас хавьгүй чанадад бий. Тэр бол хязгааргүй Гэрэл, Ухамсар, Амгалан, Жаргалан билээ.

Бясалгал үйлдэхдээ бид үргэлж ухаанаас чанадад даван гарахыг эрмэлздэг. Ухамсар болон бодит ахуй байдлаа өргөжүүлэн тэлэхийг хүсвэл сүнсний ертөнцөд хүрэх хэрэгтэй болно. Гэвч ухамсрын өндөр дээд орноос эргэж бууж ирэхдээ хүрсэн тэр ертөнцөө ухааныхаа хир хэмжээгээр ойлгож, ухааныхаа хир хэмжээгээр илэрхийлэхийг хичээдэг. Яагаад гэвэл ухаан нь одоогоор хүний амьдралын хамгийн хөгжингүй бүтээл билээ. Гэвч тэрхүү ухааны цараа хязгаарлагдмал болохоор Хязгааргүйг хэзээ ч ойлгож, илэрхийлж чадахгүй.