SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Үүрэг

Шавь хүний нэн тэргүүнээ хүлээх ёстой үүрэг юу вэ?

Гэр бүлээ хайрла. Энэ бол агуу үүрэг. Хүн төрөлхтнийг хайрла. Энэ бол бүр ч агуу үүрэг. Бурханыг хамгийн их хайрла. Энэ бол хамгийн агуу, дээдийн дээд үүрэг.

Тэмүүлэлт хүний амьдрал бол дээдийн дээд үүргийг гүйцэтгэх учиртай амьдрал юм. Түүний нэн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Бурханы гэгээрэлд хүрэх үүрэг. Түүний амьдралд үүнээс эрхэм дээд үүрэг гэж үгүй. Цаг хугацаа гэгч зүйл зуурдын настай болохоор биднийг хүлээж зогсохгүй. Ухаалаг мэргэн сэтгэж, хором агшин бүрийг бурханлаг үйл хэрэгт зориулах боломж бидэнд бий. Хором агшин бүрийг бид дотоод сэтгэлийнхээ үүргийг гүйцэтгэхэд зориулан хэрэглэх боломжтой.

Тэмүүлэлт хүний нийгэмд хүлээх үүрэг нь юу болохыг хэлж өгнө үү? Хэрэв түүнд хүлээх үүрэг байдаг бол нийгэмд хандах хандлага нь ямар байвал зохилтой вэ? Нийгмээс хөндий байх хэрэгтэй юу эсвэл нийгэмд хувь нэмрээ оруулах ёстой юу? Хэрэв хувь нэмрээ оруулах ёстой бол хэрхэн яаж оруулах вэ?

Тухайн хүнээсээ хамаарна. Юуны өмнө тухайн тэмүүлэгч хүн ямар зэрэгт хүрсэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэв тэрээр дотоод амьдрал буюу сэтгэл зүрхний амьдрал л хамгийн чухал, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж үздэг бол ихэнх цагаа Бурханы гэгээрэлд чиглэсэн дотоод амьдрал буюу сэтгэл зүрхний амьдралд зориулах хэрэгтэй. Нийгэмд ямар хувь нэмэр оруулах шаардлагатайг дотоод сэтгэл нь түүнд хэлж өгөх болно. Харин сэтгэл зүрхний цагаан толгойг анхлан үзэж байгаа хүмүүс оршин амьдарч байгаа нийгмээ чухал хэрэгцээтэй, онцгой зүйл хэмээн үзэж, түүнийг дотоод амьдралтайгаа зэрэгцүүлэн хүлээж авбал зохино.

Хэрэв жинхэнэ тэмүүлэлт хүн бол нийгэмд тус нэмрээ хэрхэн яаж хүргэх ёстойгоо мэдэхийн тулд дотоод гүндээ нэвтрэн орж төвлөрөн харах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Нийгэмд өөрийнхөө тус нэмрийг зориулна гэдэг гайхамшигтай сайхан үйлс. Хүн төрөлхтнийг үнэнхүү хайрлаж дээдэлнэ гэдэг үнэнхүү сайхан буянт үйлс. Хүн төрөлхтнийг хайрлан дээдэлж буй тэр хүн дотоод гүндээ нэвтэрч, дотоод оршнол болон Бурханаас айлдвар зарлигийг нь сонсож чадвал нийгэмд зориулах түүний үйлс зүтгэл жинхэнэ утга учиртай болно. Хэрэв тэгэхгүй бол нийгэмд зориулж буй үйлс зүтгэл гээд байгаа тэр зүйл нь өөрийнхөө нэр хүндийг өсгөж, өөрийгөө дөвийлгөх хэрэгсэл болж хувирна.

Бурханы гэгээрэлд хүрэхийн тулд нийгмээс үүрд, бүрмөсөн тусгаарлагдах шаардлагагүй. Нийгмийг, цаашлаад хүн төрөлхтнийг орхиж явах юм бол энэ хорвоод бурханлаг чанарыг хэрхэн цогцлоож, тунхаглах юм бэ? Дотоод сэтгэлийн эрэл хайгуул хийж буй хүн ухаалаг мэргэн байх ёстой. Бурхан нэгдүгээрт, дараа нь хүн төрөлхтөн байдгийг ухаарч мэдэх хэрэгтэй. Хэрэв хүн төрөлхтнийг нэгдүгээрт тавиад өчүүхэн бага чадал эрдмээ ашиглаж хүн төрөлхтний төлөө үйлс бүтээсэн нэр зүүж, өөрийгөө дөвийлгөж эхэлбэл нийгэм болон хүн төрөлхтний дотор залрах Бурханы сэтгэлийг тааламжтай болгож чадахгүй. Тиймээс хүн төрөлхтний төлөө тэнгэрлиг, зөв аргаар зүтгэж эхлэхийн тулд эхлээд Бурханд хүрээд, тэндээсээ хүн төрөлхтөнд хандах хэрэгтэй. Тэгсэн цагт тус нэмэр маань хамгийн бодитой, сайхан үйлс болно.