SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Энэтхэг

Энэтхэгийн сэтгэл зүрхний амьдрал нь түүний төлөө юу хийснийг би илэн далангүй мэдмээр байна. Тэр олон йогууд, гэгээнтнүүдтэй атлаа Энэтхэг яагаад ядуу, буурай хөгжилтэй орон хэвээрээ байгаа юм бэ?

Юуны өмнө яагаад ийм нөхцөл байдал бий болсныг ойлгох хэрэгтэй. Өнө эртний Энэтхэг орон эд агуурснаас тэвчиж байсангүй. Тэр цагт хүмүүс Махбод хийгээд Сүнсийг нийлэгжүүлэн нэгтгэхийн төлөө эрмэлзэж зарим нэг талаар амжилтанд хүрч байсан. Гэвч өнө эрт цаг гэдэг өнөөгөөс эрс ялгаатай.

Энэтхэгийн түүхийн хожуу үед гэгээнтэн мэргэд эд агуурсанд шүтэх амьдрал болон сэтгэл зүрхний амьдрал хоёр хэзээ ч хослон явж чадахгүйг ухаарч, Бурханд хүрэхийн тулд гадаад амьдралаас тэвчсэн юм. Ийнхүү гадаад амьдралыг эс хэрэгсэх болжээ. Энэ нь харийн булаан эзлэгчдэд эзлэгдэхээс эхлэн олон гамшиг зовлонг авчирсан билээ. Өнөө ч гэсэн эд баялаг, гоо сайхныг үгүйсгэх үзэл Энэтхэгт өргөн дэлгэр бий. Иймээс л ядуу тарчиг амьдрал үргэлжилсээр байна.

Гэвч орчин цагийн Энэтхэг оронд, Бурханы гэгээрэлд төгс утгаар нь хүрэх ёстой, өөрөөр хэлбэл Бүтээгч, бүтээл хоёр хагацашгүй нэг юм гэсэн үзэлтэй сэтгэл зүрхний их мэргэд бий. Хүний амьдралын бүхий л давхаргад дэвшил төгөлдөржлийн жинхэнэ хэрэгцээ болсон амьдралыг хүлээн авахуйг тэд сайшаан дэмждэг. Ийм шинэ хандлага өнөөгийн Энэтхэгт ихэд дэлгэрээд байна. Бурхан хэмээвээс төгс Төгөлдөр билээ. Тэрхүү төгс төгөлдөрт гагцхүү махбод хийгээд сүнс, гадаад ба дотоод амьдрал нийлэгжин нэгдсэн цагт л хүрэх болно.