SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Элбэрэл

Элбэрлийн тухай хэлж өгнө үү?

Дээдгэгээн бол бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч, бүхэнд оршигч билээ. Тэрбээр янз бүрийн хүчийг эзэмдсэн боловч хамгийн хүчирхэг хүч нь Түүний Элбэрэл юм. Эрэлчин хүнд Элбэрэл түшгээ хүртээхдээ Тэрбээр амь Амьсгалаа бас өгдөг. Учир нь Тэрбээр Өөрийнхөө Элбэрлээс ангид биш юм. Дээдгэгээнийг санах бүртээ чухам Түүний л Элбэрлээр Түүнд дөхөж очиж яваагаа ухаарвал Түүнээс хүртэх учиртай бүхнээ хүртэх болно.

Бурханы Элбэрэл биднийг ямагт түшиж байдаг. Чин үнэн сэтгэлээсээ тэмүүлж буй хүмүүс тэрхүү Элбэрлийг мэдэрдэг байхад үл тэмүүлэгч хүмүүс зүрх сэтгэлийнхээ үүдийг ямагт хаалттай байлгадаг. Хэрэв бид Дээдгэгээний Элбэрлийг мэдэрвэл Амгалан, Гэрэл, Жаргалан зэрэг чанарууд нь бидний дотор, бидний биеэр дамжин тасралтгүй урсаж, дотоод болон гадаад амьдралын маань салшгүй нэгэн хэсэг болж байгаа нь мөн мэдрэгдэнэ. Элбэрлийн тэрхүү урсгалыг дагаж явсаар Эх Ундарга болсон Дээдгэгээндээ хүрч очих нь бидний үүрэг мөн.

Дотоод сэтгэлийн хөгжил дэвшилд Бурханы Элбэрэл хир чухал үүрэгтэй вэ?


Зөвхөн тэмүүлэл болон хувийн чармайлт л бидний дотоод сэтгэлийн хөгжил дэвшлийг урагшлуулна гэсэн бодлыг бид тээж явдаг. Бид Элбэрэл гэгч зүйлийг мэддэггүй. Гэвч гэгээрэлд хүрснийхээ дараа тэмүүлэл гэж зүйл огт байдаггүйг ухаарна. Хөгжил дэвшил маань тэр чигээрээ бурханлаг Элбэрлийн үр байдаг.

Бурханы Элбэрлийн үрээр хувь заяа өөрчлөгдөх боломжтой юу?

Хувь заяа өөрчлөгдөж болно, өөрчлөгдөх ч ёстой. Үүний тулд Бурханы Элбэрэл ч хэрэгтэй, хувийн чармайлт ч хэрэгтэй. Зарим эрэлчид, “би Бурханы Элбэрлийг чухалчилдаг болохоор өөрийнхөө зүгээс чармайлт гаргахын хэрэг юу байна?” гэж боддог. Энэ бол буруу бодол. Өөрийн зүгээс гаргах чармайлт дээрээс буун ирэх Бурханлаг Элбэрэлд огт саад тотгор болохгүй.

Бурханд итгэдэг хүмүүс Түүний Элбэрлийг өдөр бүр мэдэрч байх ёстой гэж би боддог. Ингэж бодож байгаа минь зөв үү?

Бурханд итгэдэг хүмүүс өдөр бүр Бурханы Элбэрлийг мэдэрч байх ёстой гэдэг тань туйлын зөв үг. Бурханд үнэнхүү итгэдэг хүмүүс энэ хорвоод амьдран байгаагаа, түүнчлэн дотоод болон гадаад амжилт бүтээл бүхнээ Бурханы Элбэрлийн үр гэж үздэг. Түүнчлэн хувийн чармайлт гэж нэрлээд байгаа тэр зүйл ч бас Бурханы Элбэрэл болохыг ухаарах үнэнхүү ерөөлт хувь түүнд бий. Бурханы Элбэрэл үгүй бол өөрийгөө юу ч биш гэдгээ, Бурханы Элбэрэл бий бол өөрийгөө юм бүхэн гэдгээ тэрээр агшин болгонд мэдэрч байдаг.