SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Намтар

Sri Chinmoy

Чинмой Кумар Гоош 1931 оны 8-р сарын 27-нд тухайн үеийн Энэтхэгийн Дорнод Бенгалын Шакпура хэмээх тосгонд (өнөөгийн Бангладеш) айлын отгон хүү болон мэндэлжээ. Эцэг эх хоёр нь өөд болсны дараа 1944 онд 12 настай Чинмой хүү Өмнөд Энэтхэг дэх Шри Ауробиндогийн Аашрамд шавилан орсон бөгөөд олон цагаар бясалгал үйлдэх, шүлэг найраг эссе бичих, дотоод сэтгэлийн дуу зохиох, спортоор хичээллэх зэргээр Аашрамдаа хорин жилийг өнгөрүүлжээ.

Бага залуу насандаа тэрээр гүн бясалгалынхаа үрээр дотоод ертөнцөд үнэнхүү гайхамшгийг үзэж туулдаг байлаа. Яван явсаар тэр бясалгалын асар өндөр түвшинд хүрчээ. 1964 онд Шри Чинмой Өрнөдийн үнэний эрэлчидтэй дотоод баялагаа хуваалцахаар Нью-Йорк хотыг зорьжээ.

Тэр цагаас хойш юунд ч мятралгүй хамаг амьдралаа дотоод хийгээд гадаад амар амгаланг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулах болсон юм. Тэрээр орон орноор аялан хүний сэтгэлийг өндөр дээд ертөнцөд хүргэх чадалтай хөгжмийн бүтээлүүдээрээ концерт тоглож, их сургуулиудад лекц уншиж, шавь нартаа сургаал номоо айлдана. Хүн төрөлхтний төлөө зориулж буй түүний энэ тууштай үйлсийг Ерөнхийлөгч Михайл Горбачев, Ерөнхийлөгч Нелсон Мандела, Тереза Эх, Архибишоб Дезмонд Туту, Диана Гүнж зэрэг их соён гэгээрүүлэгчид өндрөөр үнэлж иржээ.

Шри Чинмой бол дундаршгүй их бүтээлийн ундарга юм. Яруу найраг, утга зохиол, хөгжим,уран зураг, спортын салбарт оруулсан асар их хувь нэмэр нь сая сая хүмүүст урам хайрласаар ирсэн билээ. Пабло Казалс, Леонард Бернштейн, Йигүди Менүхин, Рави Шанкар зэрэг нэрт хөгжимчид түүний хөгжим хийгээд уран зургийн авъяас түүнчлэн дотоод сэтгэлийн хүчийг нь өндрөөр үнэлсэн байдаг.

Даян дэлхийн энх тайван, бол хүн нэг бүрийн амар амгалан амьдрал, хүний дотоод сэтгэлийн амгалан тайван байдлаас үүдэлтэй юм гэсэн тун энгийн сургаалийг Шри Чинмой айлддаг.

Зүрх сэтгэлийнхээ гүнийн гүнд хүрэхдээ бид бүгдээрээ нэг л гэр бүлийнхэн болохоо мэдэрдэг. Тиймээс ч Шри Чинмой нэгэнтээ ийн айлджээ.

"Хорвоо дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн Ахан дүүс бид Өнө Мөнхийн харгуйгаар Маргаашийн мандах Алтан Нарны зүг
Мөр зэрэгцэн алхаж явна. "

2007 оны 10 сарын 11-нд Шри Чинмой Махасамадид /сэтгэл зүрхний Багш таалал төгсөхийг хэлнэ/ орсон билээ.

Дэлгэрэнгүй унших

Шри Чинмойн дэлгэрэнгүй намтар /Англи хэл дээр/

Шри Чинмойн тухай нийтлэл

Шри Чинмойтой холбоотой видео