SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Ухамсар

Ухамсар гэж юу вэ?

Ухамсар гэдэг бидний хамгийн дээд, хамгийн гэгээн мөн чанарыг хамгийн доод, харанхуй чанартай маань холбож байдаг дотоод оч, дотоод хэлхээс, алтан аргамж юм. Ухамсар гэдэг Тэнгэрийн орон дэлхий хоёрыг холбогч холбоос. Тэгвэл Тэнгэрийн орон хаана байдаг юм бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тэнгэрийн орон гэдэг хаа нэгтээ алс хол, өндөр дээр байдаг юм биш, харин бидний ухамсарт байдаг. Чухамхүү бурханлаг ухамсар л хорвоо дэлхийг Тэнгэрийн орон буюу Диваажинтай холбох чадалтай. Эгэл ухамсар маань биднийг туйлын хязгаарлагдмал зүйлстэй л холбож чадах ба энэ холбоо маш богино хугацаанд хадгалагдаад сарниж замхардаг. Нэг агшинд бид анхаарлаа тодорхой нэг хүнд төвлөрүүлэх боловч дараагийн агшинд энэ төвлөрөл маань сарнидаг билээ. Харин юунд ч үл хязгаарлагдах, гэгээрч, хувирсан дотоод ухамсрынхаа хүчийг хэрэглэхийн цагт төвлөрөл маань улам улам тогтвортой хадгалагдсаар байх боломжтой.

Ухамсар гэдэг бол нэгэн цогц. Дотроо тэр аниргүйг агуулна, хүчийг агуулна. Дотроо аниргүйг агуулж байх үедээ өөрийнхөө жинхэнэ дүрийг хадгалж оршдог. Дотроо хүчийг агуулж байх үедээ дотоод мөн чанараа илэрхийлэн тунхагладаг.

Хүний ухамсар, бурханлаг ухамсар хоёрын ялгаа юу вэ?


Хүний ухамсар голчлон хязгаарлагдмал, төгс бус, хүлэгдмэл, мунхаг харанхуй чанараас бүтсэн байх ба энэ хорвоод саатан үлдэхийг хүсдэг. Гэр бүл, нийгэм зэрэг хорвоогийн эгэл хязгаарлагдмал явдал дунд байхдаа тэр баярлаж баясдаг. Бурханлаг ухамсар нь Амгалан, Жаргалан, Хүч зэргээс бүтэх ба өөрөө цаг үргэлжид өргөжин тэлж байдаг чанартай. Хорвоогийн зугаа цэнгэлээс эрхэм зүйл үгүй гэж хүний ухамсар итгэдэг байхад энэ хорвоод орших тэнгэрлиг Баясгалан, Жаргалангаас чухал, утга төгөлдөр зүйл үгүй гэж бурханлаг ухамсар итгэдэг. “Бид бол туйлын Үнэнд ойртон очих яагаа ч үгүй, бүрэн төгс болох яагаа ч үгүй” гэж хүмүүнлэг ухамсар маань бидэнд итгүүлэхийг санаархдаг. Бурхан бол биднээс алсын алсад, олон мянган бээрийн тэртээд бий гэж бидэнд итгүүлэхийг тэр чармайна. Бурхан бол яг энд амь амьсгал бүрийн дотор, зүрхний цохилт бүрийн дотор, хэн бүгдийн дотор, юм бүхний дотор заларч байдаг юм гэдгийг бурханлаг ухамсар маань бидэнд мэдрүүлдэг.

Ухамсрын ондоо ондоо төлвүүдийн тухай товчхон хэлж өгнө үү?


Ухамсрын үндсэн гурван ахуй төлөв бий. Тэдгээр нь жагрити, свапна, сүшүпти юм. Жагрити нь сэргэг ахуй, свапна нь зүүдний ахуй, сүшүпти нь гүн нойрны ахуй. Сэрүүн байх үед бидний ухамсар гадагш хандан чиглэдэг бол, зүүдний ахуйд дотогш хандан чиглэж, гүн нойрны ахуйд Чанадын орноор зорчин оддог.

Түүнчлэн хэтийдсэн ухамсар буюу түрийа хэмээх дөрөвдэх ахуй төлөв бий. Нэг талаас тэр гадна ч үл оршино, дотор ч үл оршино, мөн дотор ч бий, гадна ч бий.