SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Сахилга журам

Хэрхэн сахилга журамтай амьдрах вэ?

Сахилга журамтай амьдрал нь нэг л зүйлээс үүдэлтэй ба тэр зүйл бол тэмүүлэл буюу дотоод мэгшил юм. Эгэл ерөнхий зүйлсийг хүсч уйлахад тэдгээр зүйлс заримдаа олддог, заримдаа олддоггүй. Харин дотоод мэгшил маань чин үнэн сэтгэлээс гардаг бол юу хүсэмжилсэн бүхэн гарцаагүй олдож, бид бүгд сэтгэл ханамжтай болдог. Өлгийтэй бяцхан хүүхэд сүү нэхэж уйлна. Ээж нь хаанаас ч хамаагүй түүнийг хооллохоор яаран хүрч ирнэ. Хүүхэд нь үнэн сэтгэлээсээ сүүгээ нэхэн уйлж байгааг мэдэрдэг болохоороо ээж нь яаран хүрч ирдэг юм. Сэтгэл зүрхний амьдралд яг үүнтэй ижилхэн, бид дотроо уйлдаг. Хэрэв бид дотоод сэтгэлдээ мэгшин уйлж байгаа бол хэзээ уйлж байгаа нь чухал бус, өглөө, үд, үдэш – ер нь хэдийд ч байж болно. Хэдийд ч байлаа гэсэн дотоод мэгшил маань Бурханы Сонорт хүрэх ба Бурхан бээр бидний уйлан хүсэмжилсэн зүйлсийг маань өгөн соёрхох нь гарцаагүй. Хэрэв хүн сахилга журамтай амьдралыг хүсч байгаа бол, хэрэв тэрээр сул задгай амьдралдаа сэтгэл тааламжгүй болсон ба гагцхүү сахилга журамтай амьдарсныхаа үрээр жинхэнэ хүсэл бүгдээ гүйцэлдүүлж, сэтгэлийн ханамжийг олж төгөлдөржинө гэж үзэж байгаа бол Бурхан бээр түүнд гарцаагүй туслах болно. Дотоод мэгшил байх аваас энэ хорвоод юу ч орхигдож үлдэхгүй. Дотроо мэгшин уйлж буй хүний хүсэмжлэн уйлсан үр жимс олдохгүй өнгөрнө гэж үгүй.

Хэрэв өөрийгөө хянан захирахыг хүсч байгаа бол бидэнд ямар чанарууд хэрэгтэй вэ?


Өөрийгөө хянан захирахад энгийн, чин сэтгэлтэй, номхон даруу чанар хэрэгтэй. Энгийн чанар маань өөрийгөө хянан захирах үйлсийг маань тэтгэх ёстой. Чин сэтгэл маань өөрийгөө хянан захирах үйлсийг маань тэтгэх ёстой. Номхон даруу чанар маань өөрийгөө хянан захирах үйлсийг маань тэтгэх ёстой. Өөрийгөө хянан захирахын өглөөний унд нь энгийн байдал, үдийн хоол нь чин сэтгэл, оройн хоол нь номхон даруу чанар юм гэж хэлсэн ч болно. Харамсалтай нь бид өөрийгөө хянан захирахыг үнэлж сайшаадаггүй цаг үед амьдарч байна. Өөрийгөө хянан захирч байгаа хүн бусдын доог тохуу болж хоцордог. Өөрийгөө хянан эзэмдэхийг байдаг чадлаараа хичээж байгаа хүнийг найз нөхөд, хамаатан садан, хөршүүд, танилууд нь бүгд элэглэн шоолдог. Өөрийнхөө амьдралыг эзэмдэн захирахыг чин сэтгэлээсээ хичээж буй түүний оролдлого чармайлтанд бүтэлтэй юм байхгүй гэж боддог. Өөрсдийнхөө амьдарч байгаа хэв маягийг ердийн зүйл гэж сэтгэх тул өөрийгөө хянан захирахыг хичээж буй хүн тэдний хувьд тэнэг хүн ажээ. Гэвч хэн нь жинхэнэ тэнэг нь юм бэ? Өөрийгөө ялахыг хүсч байгаа хүн нь үү, цаг үргэлж айдас эргэлзэл, зовнил түгшилд автаж явдаг хүн нь үү? Чухамдаа өөрийгөө ялахыг хүсч байгаа хүн бол хамгийн мэргэн төдийгүй хамгийн агуу бурханлаг баатар билээ. Хүмүүс таныг буруутгаж, элэглэн шоолж л байг. Гэлээ ч чин үнэн сэтгэл тань таныг хамгаалах болно. Сэтгэл зүрхний сахилга журам тань таныг зорьсон зорилгод тань хөтөлж хүргэх болно. Хэрэв хүсвэл хэн ч байлаа гэсэн хаан болох чадалтай бас боломжтой ажээ. Хаан нь хэн юм бэ? Улс орныг эзэгнэн захирч буй тэр хүн бус өөрийгөө эзэмдэн захирч байгаа тэр хүн л хаан юм.