SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Гүрү / Багш

Бид нарт яагаад Гүрү Багш хэрэгтэй байдаг юм бэ? Сэтгэл зүрхний амьдралын замаар замнахад Багш чухал үүрэгтэй юу?

Энэ дэлхийд Багшийн тусламжгүйгээр хийж чадах зүйл ганц ч үгүй. Ганц секундээс эхлээд хэдэн минут бүр хэдэн жилээр хүртэл багшаас заавар зөвлөгөө авах шаардлага бидэнд тулгардаг. Хэрэв би хөгжим сурмаар байгаа бол хөгжмийн багштай болох хэрэгтэй, бүжиглэж сурахыг хүсвэл бүжгийн багштай болох хэрэгтэй, шинжлэх ухаанд суралцмаар байгаа бол шинжлэх ухааны багштай болох хэрэгтэй. Ямар ч юманд суралцахад анхандаа багш хэрэгтэй байдаг. Тийм атал дотоод амьдрал буюу сэтгэл зүрхний амьдралд Багш яагаад хэрэггүй гэж?

Хэрвээ үнэнхүү чин сэтгэлтэй агаад Бурхангүйгээр амьдарч чадахгүй гэж мэдэрч байгаа бол тэрээр сэтгэл зүрхний Багшийн тусламжтайгаар нэг төрлийн дотор Бурханд гэгээрэх боломжтой.

Бурханы гэгээрэлд хүрсэн сэтгэл зүрхний Багшийг хэрхэн ялгаж таних вэ?

Бурханы гэгээрэлд хүрсэн Багшийн дэргэд байхдаа та ямар нэг байдлаар Амгалан, Гэрэл, Жаргалан, Хүчийг мэдрэх болно. Энэ бүхнийг цацруулан түгээх нь Багшийн мөн чанар билээ. Тэрээр бардамнан сайрхсандаа энэ бүхнийг түгээдэг бус, анхилуун тансаг үнэр ялгаруулдаг нь цэцэгсийн мөн чанар байдгийн адил Багшийн чанар ч мөн тийм байдаг.

Гэгээрсэн Багштай хамт байхдаа өөрийг тань тэр ойлгодог болохыг ухаарах учиртай. Тэрээр зөвхөн ойлгоод зогсохгүй, таныг тайтгаруулж, хэцүү бэрхийг давж гарахад тань туслах чадвартай.

Гэгээрсэн Багш өөрийгөө хорвоо дэлхийгээр хүлээн зөвшөөрүүлэх нь яагаад тийм хэцүү байдаг юм бэ?


Хорвоо дэлхий сэтгэл зүрхний Багш нарыг угтан авахад бэлэн болоогүй байна. Нигүүлсэнгүй сэтгэл нь цаглашгүй их учраас л тэд энэ дэлхийд ирдэг. Сэрж гэгээрэхийн тулд хүн төрөлхтөнд сэтгэл зүрхний Багш нар хэрэгтэй боловч гадаад амьдралдаа хүмүүс түргэвчилж яаравчлахын чухлыг огт мэдрэхгүй байна. Хорвоо дэлхий бэлэн болоогүй л байна. Магадгүй хэзээ ч бүрмөсөн бэлэн болохгүй биз ээ. Энэ дэлхийд ирсэн Багш нар дурамжхан, тэмүүлэлгүй хүмүүстэй нүүр учирдаг. Сэтгэл зүрхний Багш нар Бурханы гэгээрэлд хүрэхийн тулд нэлээд хэдэн төрлийг зарцуулдаг. Гэгээрэлд хүрнэ гэдэг гүйцэтгэхэд тун бэрх үүрэг хариуцлага билээ. Гэтэл Бурханыг энэ дэлхий дээр илэрхийлж тунхаглана гэдэг түүнээс ч хэцүү ажээ.

Зарим сэтгэл зүрхний Багш нар яагаад газар газар явж дагалдагчдынхаа тоог нэмэгдүүлдэг вэ?

Зарим Багш нар гадаад ертөнцөд гарч хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна гэдгээ мэдэрдэг. Учир нь гадаад ертөнц гэдэг ухамсрын хувьд балчирхан хүүхэд хэвээрээ байгаа билээ. Дотоод сэтгэлийн амьдрал, дотоод цэцэн билиг, дотоод сэтгэлийн төгөлдөржлийг хүсэмжлэн уйлах боловч түүнийгээ хаанаас хэрхэн олохыгоо мэдэхгүй яваа олон хүүхэд байгааг тэдгээр Багш нар ухаардаг. Тиймээс хүн төрөлхтний дотор байх бурханлаг чанарын төлөө зүтгэх санаа өвөрлөн газар газраар аялан явж Гэрэл гэгээгээ түгээдэг.