SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Гоо үзэсгэлэн

Биеийн сайхан нь гунддаг, сүнсний сайхан нь урагшлан хөвдөг гэсэн үг ямар утгатай вэ?

Танд нэгэн түүх ярьж өгье. Чөлөөлөлд хүрэхийн тулд Нигамананда хэдэн сарын турш Бенарест сууж, чанд нарийн хатамжлал үйлдэж байв. Нэгэн өдөр тэрээр маш их өлсчээ. Гэвч огт идэх юмгүй байлаа. Тэрээр арвин тансаг идээ ундны охин тэнгэр Аннапүрнад дотроо аниргүйгээр: “надад яагаад идэх юм огт байдаггүй юм бэ?” гэж хэлжээ.
Тэгтэл гэнэт хаанаас ч юм бүү мэд хир даг болсон бохир заваан хувцастай, үзэшгүй муухай царайтай нэгэн хөгшин эмгэн ууттай юм барьж хүрч ирээд: - Энэ уутыг хадгалж байхгүй юу? Дотор нь идэх юм байгаа. Би энүүхэнд байдаг нууранд очоод угаал үйлдээд ирье. Тэгээд хоёулаа хамтдаа хооллоё гэв.

Нигамананда эмгэнийг хоёр гурван цаг хүлээсэн боловч эргэж ирэх шинжгүй байлаа. Хүлээж ядаад уутыг нээж үзтэл амтат сайхан хоол, жимс гарч ирэв. Тэрээр уутанд байсан бүгдийг ганцаараа идчихэж гэнэ.
Тэр шөнө Нигаманандагийн зүүдэнд Аннапүрна ирж үзэгдээд: - Хэн ч өлсгөлөн хэвээрээ хоцордоггүйг харсан биз дээ. Би хүн бүгдийг хооллож тэжээдэг гэж хэлэв.

- Хүн бүгдийг тэжээдэг гэнэ үү? Намайг та хэзээ хооллосон юм бэ? Өлсөж цангасандаа би таныг дуудсан. Тэгтэл харин хир буртагт баригдсан хөгшин эмгэн надад хоол авчирч өгсөн. Та бол үзэсгэлэнтэй гэгээн дүртэй байдаг шүү дээ.
- Би чам дээр тийм дүрээр явж очсон юм аа.

- Яагаад тийм дүрээр ирсэн гэж? хэмээн Нигаманандаг асуусанд тэрээр:

- Хэлбэр дүрс бүхэн минийх байдаг болохыг би чамд харуулахыг хүссэн юм. Чи одоог хүртэл биеийн сайхныг сүнсний сайхнаас илүүд үздэг хэвээрээ байна. Тийм болохоор чинь үзэшгүй муухай царайтай хүн ч гэсэн сайхан сэтгэлтэй байдгийг би харуулахыг хүссэн юм. Одооноос эхэлж өгөөмөр сайхан, нинжин сэтгэлийн дэргэд биеийн сайхан нь юу ч биш гэдгийг санаж, ухаарч явахыг хичээгээрэй гэж хариулжээ.
Сайхан бие нэгэн цагт гунддаг. Сайхан сүнс харин төгс төгөлдөр нэгдлийн завинд суугаад Бурханы Сэтгэл ханамжийн Эргийг зорьж урагшлан хөвдөг юм.