SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Бие хүн

Сүнсэнд бие хэрэгтэй гэж та сургадаг. Миний ойлгосноор сүнс бол Бурхантай нэгдмэл. Бурхантай нэгдмэл гэдгээ бид ухаарч гэгээрэх үед бие хүний чанар маань хадгалагдаж үлдэх үү эсвэл замхарч сарних уу?

Бурхан бээр бидний бие хүний чанарыг маань хэрэгсэхгүй гаргуунд хаяхыг хүсэхгүй. Гэхдээ ердийн бие хүний чанар болон бурханлаг, жинхэнэ бие хүний чанар хоёр нь эрс ялгаатай байдаг. Бурхан Өөрөө нэгэн цогц агаад олон дүр чанартай. Тэрбээр тоолшгүй олон хүнийг буюу тоолшгүй олон хүний сүнсийг бүтээсэн. Хэдийгээр Тэрбээр нэгэн цогц боловч тунхаглалын ертөнцөд олон болж хувирсан. Тийнхүү хүн нэг бүрийг буюу хүн нэг бүрийн сүнсийг сонгомол зэмсгээ болгож сонгосон. Ердийн бие хүний чанар нь “би бол энэ, та бол тэр” гэж ярих “би”-гийн үзлээр тодорхойлогддог бол Бурханаас бид бүхэнд хүртээсэн бурханлаг бие хүний чанар маань үүнтэй огт ижилгүй. Бурханлаг бие хүний чанар бол Түүний Бодит Ахуй байдлын эгнэшгүй нэгэн тунхаглал юм. Түүнд ямар ч маргаан тэмцэл, зөрчил, атаархал гэж үгүй. Бурхан бээр Өөрийгөө танаар болон бусдаар дамжуулан давтагдашгүй олон аргаар илэрхийлж тунхагладаг. Бурханаас бидэнд хүртээсэн бие хүний ийм чанар бол “би”-гийн үзлээс үүдсэн эгэл жирийн бие хүний чанартай зүйрлэшгүй. Энэ бол үнэндээ Түүний дүр чанарынх нь эгнэшгүй нэгэн илэрхийлэл юм. Хүн бүхэн Бурханы зэмсэг агаад тэрхүү зэмсгэнд “би”-гийн үзэл, бардам сэтгэл гэх мэт чанар огт үгүй. Өөрөөр хэлбэл бие хүн бүхэн лянхуа цэцгийн дэлбээ агаад дэлбээ бүхэн өвөрмөц, давтагдашгүй үзэсгэлэнт чанарыг өөртөө агуулж байдаг.